ТӨРСНИЙ БҮРТГЭЛ ХИЙХ
2023-08-31
Швейцарын Холбооны Улсад байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтын дагуу хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.
Бүрдүүлэх материал: Төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараах бичиг баримтыг эх хувиар болон тэдгээрийн хуулбарыг авч ирнэ.
1. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөнө Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг (татаж авна уу).
2. Эцэг, эхээс ЭСЯ-нд хандаж гаргах өргөдөл (Заавартай сайтар танилцаж үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөх, өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн Швейцарын Холбооны Улсад амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)
-Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн загвар (татаж авна уу).
-Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхээс гаргах өргөдлийн загвар (татаж авна уу).
-Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх өргөдлийн загвар (татаж авна уу).
3. Эцэг эхийн иргэний үнэмлэх, түүний хуулбар
4. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ, түүний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээ, түүний албан ёсны орчуулга, хуулбарын хамт)
5. Хүүхэд Швейцарийн Холбооны Улсад төрснийг гэрчилсэн бичиг баримт, түүний хуулбар (Birth certificate/ Geburtsurkunde)
6. Хүүхдийн эмнэлэгийн дэвтэр, төрөлтийн талаарх мэдээлэлтэй хэсгийн хуулбар
7. Шинэ төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлэх бөгөөд хэрвээ 30 хоногоос хэтэрсэн тохиолдолд УБЕГ-аас төрөлт бүртгэлгүй лавлагаа заавал авчирна.
8. Үйлчилгээний хураамж төлсөн баримт ( Үйлчилгээний хураамж цэснээс харна уу )
Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын (хүүхдийн эцэг гэдгийг тогтоосон шүүхийн шийдвэр) шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно. Эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарах нь зүйтэй. Элчин сайдын яам шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11 маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх бүрдүүлж өгсөн баримт бичгийн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.