ГАДААД ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ
2022-12-08
Швейцарын Холбооны Улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэний гадаад паспортын хугацаа дуусах, ямар нэг шалтгаанаар алдаж vрэгдvvлэх, гэмтээсэн тохиолдолд Е серийн буюу үндэсний энгийн гадаад паспорт шинээр захиалан авч болно.
Гадаад паспорт шинээр захиалан авахад бүрдүүлэх бичиг баримт:
- “Гадаад паспорт шинээр авах мэдүүлэг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах
- “Гадаад паспорт шинээр авах өргөдөл татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах
- Паспортаа алдаж үрэгдүүлсэн тохиолдолд үүнийг магадласан цагдаагийн байгууллагын тодорхойлолт / бүртгүүлсэн тухай бүртгэлийн хуудас
- 16-аас дээш насны иргэдийн хувьд иргэний цахим vнэмлэх, 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувьд төрсний гэрчилгээ, эцэг, эхийн гадаад паспорт, эсхүл иргэний цахим үнэмлэх.
- Захиалгын материалаа өгөхдөө ЭСЯ дээр өөрийн биеэр ирж цээж зургаа авхуулах эсхүл 413 x 531 pixel хэмжээтэй зургийг www.photo.burtgel.gov.mn цахим хуудаст өөрөө хуулж оруулах боломжтой. (Цагаан дэвсгэртэй, малгай, алчуур, нүдний шилгүй, эгц урдаасаа харсан, чих, духны хэсэг ил гарсан, зурагнаас буулгаагүй, дүрэмт хувцасгүй авахуулсан зураг байх ёстой)
- Үйлчилгээний хураамж төлсөн баримт / Үйлчилгээний төлбөр цэснээс харна уу /
Жич: Үйлчилгээний төлбөрөө ЭСЯ-ны доорх дансанд урьдчилан шилжүүлнэ үү эсхүл доорх төлбөрийн нэхэмжлэлийн хуудсыг татан авч шууданд төлбөрөө хийнэ үү.
Тайлбар:
ЭСЯ гадаад паспортыг өөрөө шууд олгодоггүй бөгөөд хүсэлт гаргагчаас ирүүлсэн материалыг баталгаат шуудангаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлдэг. Хүсэлт гаргасан иргэнд гадаад паспорт олгох эсэх асуудлыг Улсын бүртгэлийн ерөнхий газар материал хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэдэг бөгөөд олгох тохиолдолд паспортын бичилтийг хийж, баталгаат шуудангаар ЭСЯ-д ирүүлдэг. ЭСЯ уг паспортыг тамга, гарын үсгээр баталгаажуулж, хүсэлт гаргагч иргэнд олгоно. Энэ процедурын ажлаас шалтгаалж шинээр паспорт авахад дунджаар 3 хүртэлх сарын хугацаа шаардагддаг болно.
Анхаарах зүйлс:
1. Гадаад паспорт шинээр болон дахин авч буй иргэд заавал Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой.
2. Хуучин паспорт алга болсон тохиолдолд шинэ паспорт дээр Швейцарийн Холбооны Улс-ын виз шилжин тавигдахгүй бөгөөд паспорт өөрчлөгдсөнтэй холбогдон визийн ямар нэг зөрчил байсан бол тухайн зөрчил хэвээр үлддэг болохыг анхаарах нь зүйтэй. Алдагдсан болон гэмтсэн паспорт олон улсад хүчингүй болж зарлагдах тул дахин ашиглах боломжгүй.
3. Буцах дугтуйн дээрх хаяг зөрсөн, иргэд тухайн хаяг дээрээ байхгүй байх, нүүх, шилжих тохиолдол гардаг. Мэдүүлэгтээ Швейцарийн Холбооны Улсад болон Монгол Улсад оршин суугаа байнгын хоёр хаягийг бичих нь зүйтэй. Паспорт захиалсны дараагаар оршин суугаа хаягаа өөрчлөх бол ЭСЯ-д мэдэгдэх хэрэгтэй.
4. Шинээр паспорт авахад 3 сар хүртэл хугацаа шаардагдана.
5. Гадаад паспорт шинээр авах мэдүүлгийг буруу, эсхүл дутуу бөглөсөн байдаг. Ихэвчлэн ургийн овгоо бичдэггүй. Үүнээс шалтгаалан иргэд шинэ паспорт захиалж паспортоо 3 сараас 1 жил хүртэлх удаан хугацаагаар хүлээх тохиолдол гардаг. Монгол Улсын иргэний үнэмлэх аваагүй хүмүүсийн хувьд өөрсдийн ургийн овгоо /Боржигон, Тайж, Хөх морьт зэрэг/ мэдэхгүй тохиолдол гарч байна. Энэ тохиолдолд паспорт мэдүүлж буй иргэн өөрийн эцгийн овгийг авч явдаг гэдгийг анхаарах хэрэгтэй.