ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН 27 ДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ ЖЕНЕВ ХОТНОО БОЛЛОО
Энэ аравдугаар сарын 29-ний өдөр Женев хотноо хуралдсан Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага (ОУИХБ)-ын Ерөнхий ассамблейн 27 дугаар чуулга уулзалтад Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Хоёр жил тутамд хуралддаг ОУИХБ-ын дээд байгууллагын энэ удаагийн уулзалтаар байгууллагын ирэх 5 жилийн стратеги төлөвлөгөө, гишүүнчлэлийн татвар, төсөв санхүү, олон улсын хамтарсан сургуулилт, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх арга хэмжээний хөтөлбөр зэрэг өргөн хүрээний асуудлаар хэлэлцэж, шийдвэр гаргав.
Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Аргуж Калантарли чуулга уулзалтын үеэр ОУИХБ-ын хэтийн зорилго, үйл ажиллагааг оновчтой тодорхойлох, НҮБ-ын байнгын ажиглагчийн статустай болгох, улмаар Нью-Йорк хотноо төлөөлөгчийн газар нээх, бүсийн төвүүдийг шат дараатай нээх, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах чиглэлд идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Женевт төвтэй тус байгууллага дэлхийн 61 улсыг эгнээндээ нэгтгэж, 15 ажиглагч улс, 19 түнш байгууллагатай хамтран ажиллаж байна.