МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮД ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Женевт төвтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол Улсын Оюуны Өмчийн Газар болон WEIDE сантай хамтран “Экспорт ба цахим худалдаанд оюуны өмчийг ашиглах нь” сэдэвт үндэсний сургалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 29-ний өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа.
Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын худалдааны төвийн хамтарсан “Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сан – WEIDE Fund”-гийн анхдугаар төсөлд хамрагдаж буй Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан энэхүү сургалт нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, брэндийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулах, цахим худалдаанд оюуны өмчийг үр дүнтэй ашиглах, эрсдэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгоход чиглэв.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа сургалтын нээлтийн ажиллагаанд оролцож, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нэг болох Монгол Улсын худалдаа, эдийн засгийг дэмжих, нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа үйлчилгээг гадаадын зах зээлд нэвтрүүлэх гарцыг нээх, цахим худалдааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, оюуны өмчийн эрхээ мэдэх, хамгаалах боломжийг бүрдүүлэхэд Женевт төвтэй олон улсын гурван байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, техникийн туслалцаа үзүүлж байгааг дурдав. Мөн тэрээр WEIDE сангийн төсөлд хамрагдаж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүний дээжийг Дэлхийн худалдааны байгууллагад шинээр нээгдсэн Marketplace-д байрлуулж, дэлхийн олон орны төлөөлөгчдөд хүрэх боломж бүрдсэнийг мэдээлж, оролцогчдод амжилт хүслээ.