images

ЖЕНЕВ ХОТЫН ЭМИЛИ ГУРД КОЛЛЕЖИЙН СУРАГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

Мэдээ мэдээлэл

2026-10-22

10

Байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны ажилтнууд “Сурагчдын Нэгдсэн Үндэстний Байгууллага” бага хуралд Монгол Улсыг төлөөлөн оролцохоор бэлтгэж буй Женев хотын Эмили Гурд коллежийн сурагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр тус Байнгын төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамны ажилтнууд Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиглэл, олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагаанд баримталж буй бодлого, үйл ажиллагаа, түүх, соёл, уламжлал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар сурагчдад мэдээлэл өгөв.

Түүнчлэн Монгол Улсын далайд гарцгүй газар зүйн байршлын онцлог, түүнээс үүдэлтэй тээвэр, логистик, олон улсын худалдаа, эдийн засгийн хөгжлийн боломж, сорилт, тэдгээрийг даван туулах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулсан. Энэ хүрээнд НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр гаргаж буй хүч чармайлт, санаачилгын талаар мэдээлэл өгч, сурагчдын сонирхсон асуултад хариулав.

Ажилтнууд сурагчдын Монгол Улсыг сонирхон судалж буй хичээл зүтгэлийг сайшааж, 2027 оны 2 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд болох уг бага хурлын үйл ажиллагаанд оролцоход нь амжилт хүсэв.

Эл уулзалт нь Швейцарын залуу үеийнхэнд Монгол Улсын гадаад бодлого, түүх, соёлын талаар ойлголт өгөх, сурталчлан таниулахад ач холбогдолтой болсон.