images

МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ХУРАЛД ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-10-16

7

Женев хотноо 2026 оны 10 дугаар сарын 12–14-ний өдрүүдэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UNCTAD)-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан Уул уурхай, эрдэс баялаг, металл болон тогтвортой хөгжлийн асуудлаарх Засгийн газар хоорондын форум (IGF)-ын ээлжит хуралд Монгол Улсын төлөөлөгчид оролцож, гурван салбар хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцов.

Энэ удаагийн хурал “Харилцан хамаарал бүхий дэлхий ертөнц дэх итгэлцэл: Эрдэс баялгийн өртгийн сүлжээнд хүртээмжтэй байдал, тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд болж, уул уурхайн салбарын засаглал, хариуцлагатай олборлолт, байгаль орчны хамгаалал, орон нутгийн иргэдийн оролцоо, эрдэс баялгийн үр өгөөжийн шударга хуваарилалт болон чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг хэлэлцэв.

“Уул уурхайн байгаль орчин, нийгмийн хариуцлагыг шинэ түвшинд гаргах нь”, “Уул уурхайн компаниуд болон орон нутгийн иргэдийн хооронд итгэлцлийг бэхжүүлэх, үр өгөөжийг шударгаар хуваарилахад төрийн оролцоо”, “Уул уурхайн салбар дахь төрийн оролцоо: загвар, боломж, давуу болон сул тал” сэдэвт хэлэлцүүлгүүдэд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлогын зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны ахлах мэргэжилтэн Б.Халиун нар илтгэгчээр оролцов.

IGF нь 80 гаруй гишүүн орныг нэгтгэсэн, уул уурхайн салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгалийн баялгийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, байгаль орчны хамгааллыг сайжруулах чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг дэмждэг олон улсын форум юм.