МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧ ART3F HAUTE-SAVOIE ОЛОН УЛСЫН ОРЧИН ҮЕИЙН УРЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦЛОО
Энэ оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Франц, Швейцарын хилийн хотноо Rochexpo төвд зохион байгуулсан “Аrt3f Haute-Savoie” олон улсын орчин үеийн дүрслэх урлагийн томоохон үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын уран бүтээлч, зураач Г.Нармандахын “Сэтгэлийн хүлэг” тэргүүтэй бүтээл шалгаран, амжилттай оролцов.
Дэлхийн олон орны уран бүтээлчид, урлагийн бүтээл цуглуулагч, урлаг сонирхогчдыг нэг дор цуглуулдаг энэхүү үзэсгэлэнд энэ удаа 250 гаруй олон улсын галерей болон бие даасан уран бүтээлчийн уран зураг, баримал, фото зураг, даавуун болон шил, төмрийн урлал, инсталляцийн 3,000 гаруй уран бүтээлийг дэлгэж, 15,000 орчим хүн үзэж сонирхжээ.
Женев дэх БТГ/ЭСЯ-ны хамт олон зураач Г.Нармандахад баяр хүргэж, уран бүтээлийн өндөр амжилт хүслээ.