МОНГОЛ УЛС ГЕОПОЛИТИКИЙН ТОДОРХОЙГҮЙ БАЙДАЛ НЬ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХУВААГДЛЫГ ГҮНЗГИЙРҮҮЛЭХ ЁСГҮЙГ ОНЦЛОВ
Женев, 2026 оны 9 дүгээр сарын 25. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага (UNCTAD)-ын Худалдаа, хөгжлийн зөвлөлийн 73 дугаар чуулганы Ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлэв.
Элчин сайд Ормузын хоолойн тасалдал нь геополитикийн хямрал худалдаа, эрчим хүч, хүнс, тээвэр, нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин хөгжиж буй орнуудын эдийн засаг, хөгжлийн төлөвт богино хугацаанд хүчтэй нөлөөлж болохыг харуулж байгааг тэмдэглэв. Далайд гарцгүй хөгжиж буй Монгол Улсын хувьд газар зүйн алслагдмал байдал, транзит замаас хамааралтай байдал, тээвэр, логистикийн өндөр зардал нь гадаад шокийн нөлөөг улам нэмэгдүүлдэг болохыг онцлов.
Дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтад геополитик, эдийн засгийн аюулгүй байдал болон стратегийн өрсөлдөөний нөлөө нэмэгдэж буй энэ үед нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой, найдвартай байдлыг хангахад чиглэсэн бодлого нь дэлхийн эдийн засгийн хуваагдлыг улам гүнзгийрүүлэх ёсгүйг Монгол Улс онцлон тэмдэглэв.
Монгол Улс худалдаа, хөрөнгө оруулалт, санхүү, технологи, хөгжлийн асуудлыг харилцан уялдаатай авч үзэхэд UNCTAD-ын үүрэг чухал болохыг тэмдэглэж, “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 2024–2034 оны Аваза үйл ажиллагааны хөтөлбөр”, UNCTAD16-ын үр дүн болон “Женевийн зөвшилцөл”-ийг бодит дэмжлэг, хамтын ажиллагаа болгон хэрэгжүүлэхийг уриалав.
Эцэст нь геополитикийн тодорхойгүй байдал нь дэлхийн эдийн засгийг улам хуваах бус, нээлттэй, урьдчилан таамаглах боломжтой худалдаа, төрөлжсөн, тэсвэртэй нийлүүлэлтийн сүлжээ, бүтээмжтэй хөрөнгө оруулалт болон хөгжлийг төвд тавьсан олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэх ёстойг Монгол Улс онцлов.