images

ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БҮЛГИЙН ЭЛЧИН САЙД НАРЫН ТҮВШНИЙ ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-24

5

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) бүлгийн Элчин сайд нарын түвшний хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын төв байранд Женев хотноо болов.

Хуралдаанаар ДГХБО-ын бүлгийн Дэд даргад Казахстан Улсыг нэр дэвшүүлэх, Транзит коридорын ажиглалтын механизм (Transit Corridor Observatory) санаачилгын цаашдын үйл ажиллагаа, мөн ДХБ-ын Худалдаа, хөгжлийн хорооны хүрээнд ДГХБО-д чиглэсэн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх асуудлыг тус тус хэлэлцэв.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх болон бүс нутгийн хамтын ажиллагааны чиглэлээр ДГХБО-ын нийтлэг зорилтыг урагшлуулахад Казахстан Улс идэвхтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, тус улсыг Бүлгийн Дэд даргад нэр дэвшүүлснийг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол Улс Транзит коридорын ажиглалтын механизм байгуулах саналыг 2026 оны 6 дугаар сар болсон ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хорооны Транзит тээврийн тусгай хуралдааны үеэр танилцуулсан бөгөөд санаачилгыг цаашид хөгжүүлэхдээ хамрах хүрээ, шалгуур үзүүлэлт, мэдээллийн эх сурвалж, баталгаажуулалт, мэдээлэл шинэчлэх зохицуулалт болон институцийн хариуцлагыг нарийвчлан тодорхойлохын зэрэгцээ одоо байгаа мэдээллийн санг үр ашигтай ашиглаж, давхардал үүсгэхгүй байх нь чухал болохыг тэмдэглэв.

Уг механизм нь ашиглахад хялбар, ил тод, гишүүн орнуудын оролцоонд тулгуурласан, ДХБ-ын гишүүдэд шинэ эрх, үүрэг үүсгэхгүй байх зарчмыг баримтлах шаардлагатайг онцлов.