НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 63 ДУГААР ЧУУЛГАНЫ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ҮГ ХЭЛЭВ
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албанаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 63 дугаар чуулганы үеэр 9 дүгээр сарын 17-ны өдөр Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт болон Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт батлагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулав.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа уг хэлэлцүүлэгт оролцож, хүний нэр төр, эрхэм чанарын үндэс болох эрхүүдийг эрх зүйн үүднээс баталгаажуулсан хоёр Олон улсын пактын ач холбогдлыг тодотгон, ирэх 60 жилийн тэргүүлэх зорилт нь Пактуудыг хэрэгжүүлэх амлалтаа шинэчлэн, тууштай бататгах явдал байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Байнгын төлөөлөгч цаашлаад дижитал технологи, хүний хувийн мэдээллийн аюулгүй байдал, байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг шинээр тулгарч буй сорилтууд нь хурдацтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд хүний эрхийн хамгаалалт үр нөлөөтэй хэвээр байх нөхцөлийг бүрдүүлэхийг мөн шаардаж байгааг тэмдэглэж, Монгол Улс ардчилсан институцүүдээ улам бэхжүүлж, эрх зүйт ёсыг сахин хамгаалж, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хамгаалан баталгаажуулж, олон улсын хүний эрхийн тогтолцоотой ажил хэрэгчээр хамтран ажиллах замаар энэхүү нийтлэг зорилт, үйл хэрэгт цаашид ч хувь нэмрээ оруулах болохыг нотлов.