ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВААНЫ “ШВЕЙЦАРЫН ЦОМ-2026” ТЭМЦЭЭН ЖЕНЕВ ХОТНОО АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн Монголын Үндэсний уламжлалт спортын нэг төрөл болох шагайн харвааг хөгжүүлэх, сурталчлан таниулах, үндэсний өв соёлоо залуу үедээ өвлүүлэн уламжлуулах зорилготой шагайн харвааны тэмцээн 2026 оны 9 дүгээр сарын 19–20-ны өдрүүдэд Женев хотноо амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
Монголын Үндэсний шагайн харвааны холбооны Европын нэгдсэн салбар холбооны XVII, Монголын шагайн нумт харвааны холбооны VI, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит “Швейцарын цом”-ын IV дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Европын 12 орны 50 багийн 400 орчим харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо.
Тэмцээнд оролцсон нийт харваачдаас:
Шагайн харваа
☆ Тэргүүн байр: Ю.Мөнхтөр ахлагчтай Францын ЧАНДМАНЬ баг
☆ Дэд байр: Б.Батбаатар ахлагчтай Чехийн БАТМОСТ баг
☆ Гутгаар байр: Д.Чинзүрх ахлагчтай Францын ЦЭЦ баг
Нумт харваа
☆ Тэргүүн байр: Д.Баясгалан ахлагчтай Бельгийн МЭЛМИЙ баг
☆ Дэд байр: Оюунчимэг ахлагчтай Бельгийн ОЧИР баг
☆ Гутгаар байр: Хандсүрэн ахлагчтай Германы ЦЭЦ баг
Сонирхогчдын нумт харваа
☆ Тэргүүн байр: А.Мөнхчулуун ахлагчтай Швейцарын ТЭГРИ баг
☆ Дэд байр: Г.Долгор ахлагчтай Швейцарын ТИТЭМ баг
☆ Гутгаар байр: С.Ариунсайхан ахлагчтай Ирланд-Польшийн УРАН ЦЭЦ баг тус тус шалгарлаа.
Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулсан нийт шагайн холбоод болон бусад нийгэмлэг, холбоод, спортын клуб, ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүс, хүрэлцэн ирсэн нийт наадамчин олондоо талархал илэрхийлье.
Та бүхний уухай цээл, хараа хурц, оноо мэргэн байг!