ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 63 ДУГААР ЧУУЛГАНЫ ҮЕЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас Женев дэх НҮБ-ын төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар “NGO Working Group on Human Rights Education and Learning” олон улсын ТББ-тай хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 63 дугаар чуулганы үеэр 9 дүгээр сарын 16-ны өдөр “НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглалын 15 жилийн ой: Амлалтаас бодит үйлдэл болгохын тулд цаашид хэрхэх вэ?” сэдэвт тусгай арга хэмжээ зохион байгуулав. Тусгай арга хэмжээг Женев дэх Итали, Ливан, Словени, Тайланд, Филиппин зэрэг улсын Байнгын төлөөлөгчийн газрууд дэмжиж, хамтран зохиогчоор оролцов.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах чиглэлээрх Монгол Улсын туршлага, хүний эрхийн боловсролыг амлалтаас бодит үйлдэл, хэрэгжилт болгон хувиргахад хийх гол өөрчлөлт, дараагийн 15 жилд хэрэгжүүлэх ажлын ач холбогдлын талаар санаа бодлоо оролцогчидтой хуваалцав.
Арга хэмжээнд Ливан Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Каролин Зиадех, Словени Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Божена Ф.Бороже, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын албаны Хүний эрхийн боловсролын асуудал эрхэлсэн зохицуулагч Элена Ипполити, Эмнести Интернэшнл олон улсын ТББ-ын Хүний эрхийн боловсролын асуудал эрхэлсэн зохицуулагч Иллан Ахер нар илтгэгчээр оролцож, өөрсдийн үйл ажиллагаа, туршлагаас хуваалцав.
Тусгай арга хэмжээнд Женев дэх улс орнуудын Байнгын төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгчид сонирхон оролцлоо.