images

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 63 ДУГААР ЧУУЛГАНЫ ӨНДӨР ТҮВШНИЙ ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ИЛТГЭГЧЭЭР ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-17

9

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 63 дугаар чуулганы үеэр 9 дүгээр сарын 15-ны өдөр “НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал, түүний 15 жилийн ой” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлгийг зохион байгуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Ф.Түрк хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Дээд комиссар Ф.Түрк НҮБ-ын Тунхаглалын түүхэн ач холбогдлыг цохон тэмдэглэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 80 жилийн ой тохиох 2028 он гэхэд хүний эрхийн боловсролыг бүх нийтэд хүртээмжтэй болгохыг улс орнуудад уриалав.

Кени Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын Комиссар Марион В.Мутиги, Дэлхийн скаутын хөдөлгөөний байгууллагын Бүсийн захирал Г.Георгиев, Reizes Teatro байгууллагын Уран бүтээлч захирал А.Иензи зэрэг өндөр түвшний илтгэгчид оролцсон уг арга хэмжээнд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа мөн  илтгэгчээр оролцож, хүний эрхийн боловсролын ач холбогдол, хүний эрхийн боловсролыг боловсролын хөтөлбөр, агуулгад тусгах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтын талаар мэдээлэл танилцуулав.

Байнгын төлөөлөгч илтгэлдээ хууль, эрх зүйн орчин ба бодлогын шинэчлэл, тэр дундаа 2023 оны 7 дугаар сард шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хуулиар хүний эрхийн боловсролыг бүх түвшний сургалтын хөтөлбөрт заавал тусгаж оруулах тухай зохицуулалт, энэ хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн боловсролын талаарх агуулгыг нэвтрүүлж буй практикийн талаар тухайлан хөндөж, мэдээлэл хийв.

Улмаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Ф.Түркийн санаачилгаар 2023 оны 12 дугаар сард Женев хотноо зохион байгуулсан “Хүний эрх-75” өндөр түвшний арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүс нутгийн төвийг Улаанбаатар хотноо байгуулах тухай” санаачилга, энэ хүрээнд Дээд комиссар Ф.Түркийн 2026 оны 5 дугаар Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр Монгол Улс болон ХЭДКА-ны хооронд бүс нутгийн төвийг байгуулах замын зураглалд гарын үсэг зурсныг  мэдээлж, уг санаачилгыг бодит ажил хэрэг болгох эрмэлзлээ нотлов.