images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-09-14

3

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Байнгын ажиглагч Марк Кассайретай 2026 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр уулзав.

Уулзалтын эхэнд Марк Кассайре Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсанд Монгол Улсад баяр хүргэж, бага хурлын хүрээнд тус байгууллагаас зохион байгуулсан тусгай арга хэмжээний талаар мэдээлэв.

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай 1998 оноос хойш үр бүтээлтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, 2015 онд тус байгууллагын гишүүнээр нэгдсэнээр хоёр талын түншлэл улам өргөжсөнийг тэмдэглэв. Тэрээр хууль дээдлэх ёс болон шүүх, хууль зүйн салбарын чадавхыг бэхжүүлэх, эвлэрүүлэн зуучлалыг хөгжүүлэх, хүүхэд хамгаалал, жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх зэрэг чиглэлээр тус байгууллагатай хөгжүүлж ирсэн хамтын ажиллагааг Монгол Улс өндрөөр үнэлдгийг илэрхийлэв.

Талууд хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, Женев хотноо хамтран арга хэмжээ зохион байгуулах боломжийн талаар санал солилцов.