ЖЕНЕВТ ТӨВТЭЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 17 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА
Улаанбаатар хотноо энэ 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Женев хотод төвтэй олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллага, Олон улсын худалдааны төв, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт, НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, Олон улсын байгаль хамгаалах холбоо, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц (Рамсарын конвенц), Дэлхийн ажиглалтын бүлэг зэрэг байгууллагын өндөр түвшний төлөөлөгчид энэхүү бага хурлын хүрээнд тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, павильон ажиллуулж байна.
Энэ үеэр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын Гүйцэтгэх зөвлөлийн дарга Гим Хвэй Нео Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд бараалхаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлантай уулзаж, дижитал эдийн засаг, дата төв болон бусад асуудлаар санал солилцсон.
Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумбатай, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Олон улсын байгаль хамгаалах холбооны Ерөнхий захирал др. Гретель Агилар, Рамсарын конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга др. Мусонда Мумба нартай тус тус уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Бага хурлын хүрээнд болсон Санхүүжилтийн өдрөөр Олон улсын байгаль хамгаалах холбоо НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран экосистемд суурилсан дасан зохицох төслүүдэд зориулан нийт 7.5 сая ам.долларын санхүүжилт олгохоо зарласан.