ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛАХ КАРБОН ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД МОНГОЛ УЛС ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Элчин сайд Д.Гэрэлмаа Швейцарын KLIK сангийн Зүүн Азийн хамтын ажиллагаа хариуцсан Ерөнхий менежер Вики Жанссенcыг хүлээн авч уулзан, хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар санал мэдээлэл солилцлоо.
Сэргээгдэх эрчим хүч ашиглах, ойн болон бэлчээрийн нөөцийг хамгаалах зэрэг байгаль орчинд ээлтэй төслүүд хэрэгжүүлж хүлэмжийн хийг бууруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй тус сан 2012 онд байгуулагдан, дэлхийн 16 улстай хамтран ажиллаж байна.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсад хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрийг дэмжих, төслийн саналыг санд хүлээн авах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, карбон зах зээлд оролцох боломж, үйл ажиллагааг таниулах зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, Швейцарын Холбооны Улсын Холбооны зөвлөл хоорондын хэлэлцээр байгуулах асуудлыг 2024 оны 8 дугаар сард ШХУ-ын Ерөнхийлөгч Виола Амхердын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд тохиролцон ажиллаж, 2025 оны 11 дүгээр сард Бразил Улсын Белем хотноо хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.
***