ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Анда Филиптай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр уулзав.
Уулзалтаар талууд Монгол Улс, Олон улсын парламентын холбооны уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшнийг өндрөөр үнэлж, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах, залуучуудын улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх боломжийн талаар санал солилцсон.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулах Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын талаар мэдээлэл өгөв. Мөн тэрээр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтоос Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохыг урьсан албан ёсны урилгыг Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Анда Филипт гардуулсан.
Түүнчлэн Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Улаанбаатар хотноо энэ оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа дор болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар мэдээлэв. Тэрээр тус бага хурал нь цөлжилт, газрын доройтол, ган гачгийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нэгтгэх, парламентчдын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг болохыг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улс 1962 онд Олон улсын парламентын холбоонд гишүүнээр элссэнээс хойш тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож буй. Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн хорооны Ерөнхийлөгчөөр 2026 оны 2 дугаар сард сонгогдон, ажиллаж байна.