images

"ЖЕНЕВ ДЭХ МОНГОЛ НААДАМ -2026" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Мэдээ мэдээлэл

2026-07-14

152

2026 оны 7 дугаар сарын 11, Женев хот. Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Женев дэх Монгол наадам 2026” арга хэмжээг Швейцар дахь “Болор карго” компани, “GM-Star” спорт клуб, Монгол-Швейцарын соёлын нийгэмлэг зэрэг иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоод хамтран зохион байгууллаа.

Наадмын нээлтийн үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг монгол иргэдийн сайн дурын байгууллага, холбоодын төлөөлөл хүндэтгэлтэйгээр залж байрлуулан, наадмын ерөнхий зохион байгуулагч “Болор карго” компани, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамнаас тус тус мэндчилгээ дэвшүүлэв. 

Энэ удаагийн наадамд хүчит 32 бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн гүйлтийн уралдаан зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж, морин хуур, монгол ардын дуу, бүжгийн үзүүлбэрийг толилууллаа. 

Монгол, гадаадын 800 гаруй наадамчин хүрэлцэн ирж оролцсон тус наадмыг амжилттай зохион байгуулсан “Болор карго” компани, “GM-Star” спорт клуб, бусад холбоо, нийгэмлэгүүд, авьяаслаг уран бүтээлчид, хүрэлцэн ирсэн нийт наадамчин олонд талархал илэрхийлж байна.