МОНГОЛ УЛС БУТАН УЛСЫГ ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГАД ЭЛСЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЭВ
Бутан Улсыг Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д элсүүлэх Ажлын хэсгийн 5 дугаар хуралдаан 7 дугаар сарын 9-ний өдөр Женев хотноо болов.
Хуралдаанд Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, Бутан Улсын ДХБ-д элсэх хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсоныг сайшаан, тус улсын Засгийн газар элсэлтийн баримт бичгүүдээ шинэчлэн боловсруулж, үндэсний хууль тогтоомжоо ДХБ-ын дүрэмтэй нийцүүлэх, хоёр болон олон талт хэлэлцээг ахиулах чиглэлээр гаргасан ахиц дэвшлийг өндрөөр үнэлэж буйгаа илэрхийлэв.
Түүнчлэн гишүүдийг Бутан Улстай бүтээлч, уян хатан байдлаар хамтран ажиллаж, хөгжлийн түвшин болон онцлогийг харгалзан хэлэлцээг тэнцвэртэй, цаг алдалгүй дуусгахад дэмжлэг үзүүлэхийг уриалав.
Монгол Улс Бутан Улсыг ДХБ-д элсэх үйл явцыг үргэлжлүүлэн дэмжихээ илэрхийлж, тус улс ойрын хугацаанд ДХБ-ын бүрэн эрхт гишүүн болно гэдэгт итгэлтэй байгаагаа тэмдэглэв.