БЭЛЧЭЭР БА НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ОЛОН УЛСЫН ЖИЛИЙН ХҮРЭЭНД ЖЕНЕВ ХОТНОО ӨНДӨР ТҮВШНИЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төлөөлөгчийн газартай хамтран “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчид олон улсын Женевийн бодлогын хэлэлцүүлэгт: хүний эрх, эрүүл мэнд, худалдаа, шим тэжээл, байгаль орчин, тэсвэрлэх чадвар, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний арга хэмжээг НҮБ-ын Женев дэх төвийн Үндэстнүүдийн ордонд 2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулав.
Арга хэмжээ нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг болон Монголын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуй, өв уламжлалыг сурталчилсан соёл, урлагийн хөтөлбөр, үзэсгэлэнгээс бүрдсэн.
Өндөр түвшний бодлогын хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая, Бүгд Найрамдах Кени Улсын Байнгын төлөөлөгч, Элчин сайд Ф.Түү, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Женев дэх төвийн захирал Д.Буржеон, Олон улсын байгаль хамгаалах холбооны Бодлого, эрх зүйн төвийн захирал Соня П. Морено нар үг хэлэв.
Бодлогын хэлэлцүүлэгт Уругвай, ШХУ, Дэлхийн худалдааны байгууллага, Швейцарын фермерүүдийн холбоо, Хоол, тэжээлийг сайжруулах хөдөлгөөн, Женевийн байгаль орчны сүлжээний төлөөлөгчид оролцож, бэлчээрийн тогтвортой менежмент, малчдын эрх, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, тогтвортой худалдаа, байгаль орчны хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадвар зэрэг асуудлыг салбар хоорондын уялдаатайгаар хэлэлцсэн.
Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газар “Oir Art Hub”-тай хамтран зохион байгуулсан соёл, урлагийн хөтөлбөр, үзэсгэлэнг морин хуурч, хөөмийч Д.Мандахжаргалын тоглолтоор нээж, Г.Уранчимэг уран бичлэгийн үзүүлбэр үзүүлэв. Үзэсгэлэнд Э.Ононгуагийн орон зайн эсгий инсталляц, Крисэл Аттевеллийн гэрэл зургийн цуврал, Ж.Ариунтуяа, М.Мөнх-Эрдэнэ, М.Нарангэрэл, Н.Зулцэцэг, Б.Бэлгүтэй, Орели Корназ, Марк Форд болон Ребекка Форд нарын холимог техникээр бүтээсэн орчин үеийн бүтээлүүдийг танилцуулж, Э.Өлзийбат перформанс үзүүлж, монголын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн өв уламжлал, хүн, байгаль, амьтны харилцан хамаарал, шүтэн барилдлагыг орчин үеийн урлагийн олон талт илэрхийллээр толилуулав. Мөн Монгол, Кенийн уламжлалт хоолны дээжээс танилцуулав.
Тус арга хэмжээнд НҮБ-ын төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, судалгаа, шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм, их дээд сургуулиуд болон олон улсын түншүүдийн төлөөллийн 100 гаруй хүн хамрагдав.
Эл өндөр түвшний арга хэмжээ нь Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын манлайлах үүргийг бататгахын зэрэгцээ, манай уламжлалт болон орчин үеийн соёл, урлагийг олон улсын түвшинд сурталчлахад чухал ач холбогдолтой болсон.