images

ЖЕНЕВ ХОТНОО “МОНГОЛ НААДАМ 2026“-ИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

Мэдээ мэдээлэл

2026-07-06

630

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Женев дэх Монгол наадам 2026” арга хэмжээг энэ сарын 04-ны өдөр Швейцар дахь “Helvétique & Khunnu” холбоо, Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам болон бусад нийгэмлэг холбоо, спорт клуб, Швейцарт оршин сууж буй монгол иргэд хамтран зохион байгууллаа.


Швейцарын Женев хот болон ойролцоох хот, улс орнуудаас зорин ирсэн монголчууд, Монголд элэгтэй швейцар иргэд, хүүхэд багачууд нийт 900 гаруй  наадамчин Үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ. 


Нээлтийн арга хэмжээний үеэр Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл мэндчилгээг дэвшүүлж,  уран бүтээлчид монгол ардын дуу хөгжим, бүжгийн үзүүлбэрээс наадамчин олонд толилуулав.


Үндэсний баяр наадамд хүчит 32 бөхийн барилдаан, монгол шагайн харваа, шагайн наадгай, хүүхдийн зургийн болон гүйлтийн уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгууллаа. 


“Женев дэх Монгол наадам 2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан ерөнхий зохион байгуулагч “Helvétique & Khunnu” холбоо, GM-Star спорт клуб, Швейцар дахь монгол шагайн холбоо, Mongolian Association in Switzerland – AVENIR болон бусад нийгэмлэг холбоо, спорт клуб, бүжгийн хамтлаг, ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, холбоод, хувь хүмүүс, хүрэлцэн ирсэн нийт наадамчин олонд талархал илэрхийлж байна. 


Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.