images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ-2026"-Т ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-07-06

94

Дэлхийн худалдааны байгууллагын төв байр болох Centre William Rappard-ын 100 жилийн ойг тохиолдуулан 2026 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Женев хотноо зохион байгуулсан "ДХБ-ын Нээлттэй хаалганы өдөрлөг-2026" арга хэмжээнд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Швейцарт үйл ажиллагаа явуулж буй Монголын бизнес эрхлэгчид хамтран оролцож, үндэсний ноолуур, ноос, гар урлалын бүтээгдэхүүн, уламжлалт монгол хоолыг сурталчлав.


ДХБ-ын түүхэн төв байрыг олон нийтэд нээлттэй танилцуулах, олон жилийн турш гишүүн орнууд болон бусад байгууллагаас бэлэглэсэн урлагийн бүтээлүүдийн цуглуулгыг сурталчлах, мөн ДХБ-ын гишүүн орнуудын үндэсний бүтээгдэхүүн, соёл, хоолны өвийг таниулах зорилготой тус өдөрлөгийг 4,000 гаруй хүн үзэж сонирхов.


Монголын асарт зочилсон иргэд үндэсний ноолуур, ноос, гар урлалын бүтээгдэхүүнтэй танилцаж, уламжлалт монгол хоол амтлан, Монголын өв соёл, уламжлалыг сонирхох боломжтой байв.


Дэлхийн худалдааны байгууллага нь 166 гишүүнтэй олон талт худалдааны байгууллага бөгөөд Монгол Улс 1997 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр тус байгууллагын гишүүнээр элссэн юм.