МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ “ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-Т ШВЕЙЦАР УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦОНО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор энэ оны 7 дугаар сарын 10–13-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулах “Дэлхийн адууны өдөр” арга хэмжээнд Швейцарын Холбооны Улсыг төлөөлөн оролцох швейцарын судлаач, морьдын зан үйлийн шинжээч (ethologue), сэргээн засах эмчилгээний мэргэжилтэн Виржиниа Бернхардыг Элчин сайд Д.Гэрэлмаа хүлээн авч уулзан санал солилцлоо.
Хүн төрөлхтний түүх, соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг болсон адууг алдаршуулах, хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дэлхийн адууны өдөр” олон улсын арга хэмжээний хүрээнд тэрээр өөрийн 30 орчим жилийн хуримтлуулсан туршлага, олон улсын жишиг, Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой сургалт, хөтөлбөрийн талаарх судалгаагаа танилцуулах юм.
“Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэх тухай Монгол Улсын санаачилгыг 2025 оны 6 дугаар сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганаар хэлэлцэн, тогтоол баталснаар жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг “Дэлхийн адууны өдөр” болгон зарласан билээ.