МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДЭЛХИЙН АЖИГЛАЛТЫН БҮЛГИЙН 28 ДУГААР БҮГД ХУРАЛДААНД ОРОЛЦОВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болсон Дэлхийн ажиглалтын бүлгийн 28 дугаар Бүгд хуралдаанд оролцов.
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд хуралдааны “Оролцооноос түншлэл рүү: Бүс нутгийн түвшинд гишүүдийн оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт 3 дугаар хэлэлцүүлэгт үг хэлж, энэ оны 8 дугаар сард Монгол Улсад “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриа дор болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлын явц, Монгол Улсын даргалагч болон зохион байгуулагч улсын хувьд дэвшүүлж буй тэргүүлэх чиглэлүүдийн талаар танилцуулав.
Тэрээр хэлсэн үгэндээ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зөвхөн хэлэлцүүлэг бус, бодит үр дүнд чиглэсэн бага хурал болгох Монгол Улсын зорилтыг онцолж, цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлт, хуурай хээрийн бүс нутгийн тогтвортой менежментийг дэмжих чиглэлээр дэлхийн мэдлэг, шинжлэх ухаан, технологи, түншлэлийг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.
Мөн Дэлхийн ажиглалтын бүлэгтэй хамтын ажиллагааг өргөжүүлж, дэлхийн ажиглалтын өгөгдөл, хиймэл оюун ухаанд суурилсан хяналт-шинжилгээ, тайлагнал, гангийн эрт сэрэмжлүүлэг, газар, усны нэгдсэн мэдээллийн тогтолцоо, нотолгоонд суурилсан бодлого төлөвлөлтийг Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд уялдуулах боломжийн талаар санал солилцов.
Дэлхийн ажиглалтын бүлэг нь улс орнууд, олон улсын болон эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, иргэний нийгэм, хувийн хэвшлийг нэгтгэн, дэлхийн ажиглалтын мэдээллийг бодлого, шийдвэр гаргалтад ашиглахуйц мэдлэг, дүн шинжилгээ, шийдэл болгон хөгжүүлэх, хамтран боловсруулах зорилготой Засгийн газар хоорондын түншлэл юм.
Эл бүлэг нь 2005 оны 2 дугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 100 гаруй улсын Засгийн газар, 150 гаруй оролцогч байгууллагыг нэгтгэсэн олон улсын өргөн хүрээний түншлэл болсон байна. Монгол Улс Дэлхийн ажиглалтын бүлэгт албан ёсны гишүүнээр 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нэгдсэн.