images

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-09

9

Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид Женев хотноо 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдөр болсон Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрийн шинжээчдийн бүлгийн болон Автозамын тээврийн ажлын хэсгийн 41 дүгээр хуралдаанд оролцов.

Эл хуралдаанаар Монгол Улсыг Олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээрт нэгдэн орох боломжийг бүрдүүлэх хүрээнд хэлэлцээрт холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, ажлын хэсгийн гишүүдийн дэмжлэгийг авав.

Түүнчлэн манай төлөөлөгчид Европын Комиссын Хөдөлгөөн, тээврийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийж, эл хэлэлцээрт нэгдэх үйл явцыг дэмжин ажиллаж буйд талархал илэрхийлэв.

Эл хэлэлцээрт нэгдэн орсноор Монгол Улсын тээврийн салбарт олон улсын стандарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, жолоочийн ажил, амралтын горимыг олон улсын жишигт нийцүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тээврийн аюулгүй байдлыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Мөн хэлэлцээрийн хүрээнд дижитал тахограф, ухаалаг карт зэрэг цахим хяналтын технологийг нэвтрүүлэх нөхцөл бүрдэж, тээвэрлэлтийн үйл ажиллагааг ил тод, үнэн зөв, олон улсын жишигт нийцсэн байдлаар хянах боломжийг олгосноор манай улсын тээврийн салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд чухал алхам болно.

Түүнчлэн Монголын тээвэрчид, үндэсний аж ахуйн нэгжүүд Европ, Ази, Дундад Азийн чиглэлд олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн орчин бүрдэж, олон улсын зах зээлд өрсөлдөх шинэ боломж нээгдэнэ.