ЭЛЧИН САЙД ЖЕНЕВИЙН ИХ СУРГУУЛИЙН ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа 2026 оны 6 дугаар сарын 10-нд Женевийн Их сургуулийн эмнэлгийн Ерөнхий захирал ноён Роберт Мардини тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Женевийн Их сургуулийн эмнэлгийг төлөөлөн Анестезиологийн газрын дарга, Профессор Жорж Саводелли, мэс засалч, доктор Волфрам Каренович болон Гадаад харилцааны албаны дэд дарга Карин Мартинез нар байлцаж, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны явцыг дүгнэн санал солилцов.
Энэхүү түншлэл нь Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ) болон Женевийн Их сургуулийн эмнэлэг хооронд 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд амжилттай хэрэгжиж байгаа юм. Санамж бичгийн дагуу хоёр тал эмч, мэргэжилтнүүдээ харилцан чадваржуулах бодит ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Тухайлбал, 2025 оны 1-3 дугаар сарын хооронд ХСҮТ-ийн мэс засалч, доктор Б.Азжаргал, онкологич-радиологич доктор Д.Саранзаяа нар Женевт ажиллаж, дархлааны эмчилгээ болон дурангийн мэс заслын дэвшилтэт арга техникээс суралцаад ирсэн билээ.
Энэхүү хөтөлбөрийн үргэлжлэл болгож, ирэх 2026 оны 9-11 дүгээр сард ХСҮТ-ийн Анестезиологийн мэс заслын тасгийн анестезиологич Т.Батбилэг, цээжний мэс заслын эмч Д.Мэргэн нар Женевийн Их сургуулийн эмнэлэгт туршлага судалж, мэргэжил дээшлүүлэхээр болсон.
Уулзалтын төгсгөлд талууд хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид хавдрын орчин үеийн дэвшилтэт эмчилгээ, арга техникийг нэвтрүүлэх, мэдлэг, практик туршлагаа харилцан хуваалцах чиглэлд нягт хамтран ажиллахаа нотоллоо.