images

ДХБ-ЫН ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ ХОРООНЫ ТРАНЗИТЫН АСУУДЛААРХ ТУСГАЙ ХУРАЛДААН БОЛОВ

Мэдээ мэдээлэл

2026-06-16

22

Дэлхийн Худалдааны Байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хорооны Транзит тээврийн асуудлаарх ээлжит тусгай хуралдаан 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Женев хотноо болж, Байнгын төлөөлөгч, Элчин сайд Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО-ууд)-ын Женев дэх бүлгийн зохицуулагч Д.Гэрэлмаа хуралдааныг нээж үг хэллээ.

Тэрээр далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хувьд транзит тээврийн үр ашиг нь олон улсын худалдааны өрсөлдөх чадвар, эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой болохыг онцолж, тээврийн коридорын гүйцэтгэлийг бодит мэдээлэлд үндэслэн үнэлэх, хил дамнасан үйл ажиллагааг хөнгөвчлөх нь худалдааны зардлыг бууруулах чухал нөхцөл болохыг тэмдэглэв.

Хуралдаанд Тайландын Таммасат бизнесийн сургуулийн профессор Рут Баномёнг, НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын (UNECE) Эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан Камола Хуснутдинова, TradeMark Africa байгууллагын Дэд захирал бөгөөд Хөтөлбөр хариуцсан захирал Аллен София Асиимве зэрэг олон улсын нэр хүндтэй шинжээчид оролцож, тээврийн коридорын гүйцэтгэлийг хэмжих аргачлал, Африкийн бүс нутгийн амжилттай туршлага, мөн цахим худалдаа, нэг цонхны систем, мэдээллийн солилцооны олон улсын стандартуудын талаар танилцуулга хийлээ.

Хуралдааны үеэр БТГ-ын төлөөлөл ДГХБО-уудын Женев дэх бүлгийг төлөөлж "Транзит тээврийн коридорын ажиглалтын төв" (Transit Corridor Observatory) байгуулах санаачилгыг танилцуулсан бөгөөд уг платформ нь далайд гарцгүй болон дамжин өнгөрөх орнуудын тээврийн коридорын талаарх мэдээллийг нэгтгэн, бодлого боловсруулагчид, худалдаа эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон хөгжлийн түншүүдэд хүртээмжтэй болгох зорилготой юм.

Энэхүү санаачилга нь ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газраас боловсруулсан “ДГХБО-уудын худалдааг нэмэгдүүлэх нь” сэдэвт судалгаанд тулгуурласан бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газар (OHRLLS), НҮБ-ын Худаддаа, хөгжлийн байгууллага (UNCTAD), НҮБ-ын Европын эдийн засгийн комисс (UNECE), НҮБ-ын АНДЭЗНК (UNESCAP) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улс ДГХБО-уудын Женев дэх бүлгийн зохицуулагчийн хувьд худалдаа, транзит тээврийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, худалдааны зардлыг бууруулах, бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДХБ-ын хүрээнд идэвхтэй ажиллаж байна.