images

МЭДЭЭЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-06-14

10

Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриа дор болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын талаар Байнгын төлөөлөгч, Элчин сайд нарт мэдээлэл өгөх арга хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагын төв байранд 6 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулав.

Арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа үг хэлэв. Тэрээр Монгол Улс тус бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь байгаль орчны олон талт хамтын ажиллагаанд оруулж буй чухал хувь нэмэр төдийгүй цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд өртөмтгий улс орнуудын дуу хоолойг олон улсын түвшинд хүргэх, нийтлэг сорилт, шийдлийг хэлэлцэх боломжийг бүрдүүлж буйн илрэл болохыг тэмдэглэв.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад бага хурлын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн болон олон улсын оролцооны талаар танилцуулав. Тэрээр Улаанбаатар хотноо болох бага хурал нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хэрэгжилтийн уялдааг сайжруулах чиглэлээр улс орнуудын хамтын шийдлийг тодорхойлоход чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодит түлхэц үзүүлэхийг онцлон тэмдэглэв.

Мэдээллийн арга хэмжээний үеэр оролцогчид бага хурлын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.