ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БАГА ХУРЛЫН ЭЭЛЖИТ 114 ДҮГЭЭР ЧУУЛГАНЫ ҮЕЭР ХОЁР ТАЛЫН УУЛЗАЛТ ХИЙВ
Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Олон улсын хөдөлмөрийн Бага хурлын 114 дүгээр чуулганы үеэр 6 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд хоёр талын зарим уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтын түншлэлийн ойн арга хэмжээнд зориулсан арга хэмжээнд оролцох үеэр тус улсын Хөдөлмөрийн сайд Ким Юнг Хунтай уулзан, БНСУ-ын санхүүжилтээр ОУХБ-аас манай улсад хэрэгжүүлж буй залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн ач холбогдлыг тэмдэглэхийн зэрэгцээ төслийг дараагийн шатанд үргэлжлүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн Олон улсын нийгмийн хамгааллын холбоо (ISSA)-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Марсело Сетанотой уулзаж, манай улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон тус нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн бэхжүүлэх, энэ хүрээнд нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, байгууллагын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлэх боломжтой ажлын талаар санал солилцож, мөрөөр ажиллахаар тохиролцов.
Ээлжит 114 дүгээр чуулган хөдөлмөр эрхлэлт болон хиймэл оюун ухаан, платформ эдийн засагт зохистой хөдөлмөрийг хангах талаар олон улсын хөдөлмөрийн стандарт бий болгох асуудал, ажлын байранд жендэрийн тэгш байдлыг хангах, хүртээмжтэй, гурван талт нийгмийн яриа хэлэлцээг бэхжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргав. Тухайлбал, Платформ эдийн засаг дахь зохистой хөдөлмөрийн тухай конвенц баталснаар дижитал платформ дахь хөдөлмөр эрхлэлт, тэдгээр платформын ажилчдыг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийн байдал, алгоритмын менежмент, ажлын орчин нөхцөлийг зохицуулахад чиглэсэн олон улсын хөдөлмөрийн шинэ стандартыг бий болгов. Мөн ажлын байранд түгээмэл тэгш бус байдлыг шийдвэрлэх, жендэрийн тэгш байдлыг хангах зорилтыг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дүгнэлт, зөвлөмж баталлаа. Түүнчлэн, дижитал шилжилт зэрэг дэлхий нийтийн шинэ тутам гарч ирж буй сорилтыг даван туулахын тулд нийгмийн түншлэлийн яриа хэлэлцээг цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн шинэчлэх асуудлаар удирдамж баталсныг тэмдэглэж болно.
Женев хотноо 6 дугаар сарын 1-12-ны өдрүүдэд хуралдсан ээлжит 14 дүгээр чуулган өнөөдөр ийнхүү үйл ажиллагаагаа өндөрлөв.