БИОЛОГИЙН ЗЭВСГИЙГ ХОРИГЛОХ КОНВЕНЦЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Женев хотноо энэ 11 дүгээр сарын 28-наас ирэх 12 дугаар сарын 16-ны өдрүүдэд Биологийн зэвсгийг хориглох конвенц (БЗХК)-ын хэрэгжилтийг хянан хэлэлцэх 9 дүгээр бага хурал болж байна.
Бага хурлын эхний өдөр болсон ерөнхий санал шүүмжлэлд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, элчин сайд Д.Гэрэлмаа оролцож, БЗХК-ын хэрэгжилтийг хангах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар энхийг эрхэмлэсэн гадаад бодлогынхоо хүрээнд олон улсын энхтайван, аюулгүй байдал, зэвсэг хураах асуудал, нэн ялангуяа үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох БЗХК-ын хэрэгжилтэд анхаарч, конвенцыг хэрэгжүүлэх чиглэлээрх Итгэлцэл бэхжүүлэх арга хэмжээний сайн дурын тайлангаа хүргүүлж буйг тодотгов. Тэрээр мөн шинжлэх ухаан, технологийн дэвшлийн ололтод суурилсан мэдлэг, туршлагыг БЗХК-ын хүрээнд харилцан хуваалцах, шинжлэх ухааны чиглэлээрх гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих нь чухал болохыг тэмдэглээд энэ чиглэлээр сүүлийн жилүүдэд манай улсаас хэрэгжүүлсэн зарим ажлыг онцлов.
Эдүгээгээс 50 жилийн өмнө 1972 онд гарын үсэг зурж, 1975 онд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн БЗХК нь үй олноор хөнөөх зэвсгийн нэг төрөл болох биологийн зэвсгийг бүхлээр нь хориглосон хамгийн анхны олон талт эрх зүйн баримт бичиг бөгөөд тус конвенцод өдгөө 183 улс нэгдээд байна.