МОНГОЛ УЛС БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ИДЭВХТЭЙ АЖИЛЛАЖ БАЙНА
2026 оны 6 дугаар сарын 01, Женев хот.
ДХБ-ын Худалдаа ба жендэрийн асуудлаарх албан бус бүлгийн ээлжит хуралдаанд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул оролцож, Монгол Улсад хэрэгжүүлж буй “WEIDE - Цахим эдийн засаг дахь экспортлогч эмэгтэйчүүдийг дэмжих сан”-гийн төслийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, мэдээлэл өглөө.
ДХБ, ОУХТ-өөс хамтран Монгол, Доминикан, Йордан, Нижер Улсад эхлүүлсэн тус төсөлд манай улсын 45 бизнес эрхлэгч эмэгтэй хамрагдаж, цахим худалдаа, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бүх төрлийн дэмжлэг туслалцааг авч байна.
2026 оны 6 дугаар сарын 02, Женев хот. МҮХАҮТ, Женевт төвтэй Олон улсын худалдааны төв (ОУХТ)-ийн хооронд байгуулсан “SheTrades hub Mongolia” санаачилгыг хэрэгжүүлэх хугацааг сунгах тухай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо.
Санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, ОУХТ-ийн Гүйцэтгэх захирал Памела Күүк Хамильтон нар гарын үсэг зурж, Монгол Улс, ОУХТ-ийн хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа оролцон, баяр хүргэж хэлсэн үгэндээ, ОУХТ-өөс Монгол Улсад үзүүлж буй дэмжлэг туслалцаа, МҮХАҮТ-ын идэвхтэй үйл ажиллагааны илрэл болсон хамтын ажиллагааны энэхүү баримт бичгийн үр дүнд манай улсын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн гадаад худалдаан дахь оролцоо, эдийн засгийн үр өгөөж үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.