images

“ХААН ШАТАР” КОМПАНИ ИХ ГАРЫН ХААН ШАТРАА ШВЕЙЦАРЫН ТОГЛООМЫН МУЗЕЙД ДУРСГАВ

Мэдээ мэдээлэл

2022-11-04

252

“Хаан шатар” компанийн их гарын хаан шатрыг Швейцарын Тоглоомын музей (Swiss Museum of Games)-д гардуулах ёслолын арга хэмжээ 11 дүгээр сарын 4-ний өдөр Швейцарын Ла Тур-де-Пейлз хотод болов.

Ёслолын арга хэмжээний үеэр “Хаан шатар” компанийн захирал Ч.Бат-Оюун тус шатрыг Монголын түүхийн оргил үе XIII зууны үеийн Их хаан Чингис, Гүр хан Жамухa нарын нөхөрлөлийн сэдвээр хийсэн гэдгийг танилцуулж, тус үзмэр нь Монгол Улсын түүх, соёлыг Швейцарын олон нийтэд сурталчлахад чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа онцлов.

Швейцарын Тоглоомын музейн захирал Улрих Шаедлэр гайхамшигтай урлагийн бүтээл болох их гарын хаан шатар хандивласанд талархал илэрхийлж, “Хаан шатар” компанитай цаашид ч үргэлжлүүлэн хамтран ажиллах болно гэдгээ тэмдэглэв.

Арга хэмжээнд Элчин сайд Д.Гэрэлмаа, Швейцарын Тоглоомын музейн үүсгэн байгуулагчдын зөвлөлийн Ерөнхийлөгч бөгөөд Во кантоны парламентын гишүүн Винсент Бонван зэрэг албаны төлөөлөгчид оролцов.

Швейцарын Ла Тур-де-Пейлз хотод байрлах Швейцарын Тоглоомын музей нь 1987 онд байгуулагдсан бөгөөд танхимын тоглоомын янз бүрийн хэлбэрийг хадгалах, судлах, түгээх зорилготой юм.