images

“Монгол хэл, өв соёлыг сурталчлах нээлттэй хичээлийн өдөрлөг” болов

Мэдээ мэдээлэл

2022-11-05

206

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яам Женевийн монгол хүүхдийн нийгэмлэгтэй хамтран “Монгол хэл, өв соёлыг сурталчлах нээлттэй хичээлийн өдөрлөг”-ийг Женев хотноо 2022 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр зохион байгуулав.

Өдөрлөгт хүүхдийн нийгэмлэгт суралцаж буй 20 орчим хүүхэд оролцон соёлын үнэт өв болох монгол гэртэй танилцаж, нүүдэлчдийн аж ахуйг илтгэсэн зүйр цэцэн үгсээс суралцав. Мөн үеэр сурагчид монгол ардын үлгэр сонсож, өөрт төрсөн сэтгэгдэлээ багштайгаа харилцан ярилцлаа.

Өдөрлөгт Монгол Улсын Соёлын Элч, МУСТА Б.Нарандэлгэр цахимаар оролцон хүүхэд багачуудад цуур, аман хуур зэрэг монгол ардын хөгжмийн зэмсэгүүд болон хөөмийн урлагийн талаар танилцуулан хөгжмийн зэмсэгүүдээр тоглож үзүүлсний зэрэгцээ ЭСЯ-ны төлөөлөл “Монгол Улс ба Нэгдсэн Үндэстний Байгууллага” сэдвээр танин мэдэхүйн мэдээ, мэдээллийг бэлтгэн танилцуулав.

Цаашид  ЭСЯ-аас ШХУ-д суралцаж буй монгол хүүхэд багачуудад монгол өв соёлыг улам бүр түгээн дэлгэрүүлэх зорилгоор дээрх өдөрлөгийг жил бүр зохион байгуулахаар зорьж байгаа бөгөөд арга хэмжээг хамтран зохион байгуулсан “Женевийн монгол хүүхдийн нийгэмлэг”-ийн багш, сурган хүмүүжүүлэгчид болон идэвхтэй оролцсон сурагчид, эцэг эхчүүддээ талархал илэрхийлье.