ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН БҮЛГИЙН ЗОХИЦУУЛАГЧТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа энэ өдөр Женев дэх Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын (ДГХБО) бүлгийн зохицуулагч, Ботсванын Элчин сайд, Байнгын төлөөлөгч Атхалиа Лэсиба Молоккометэй уулзаж, ДГХБО-уудын нийтлэг ашиг сонирхлыг олон талт хамтын ажиллагааны хүрээнд хамгаалах, тэдний нэгдсэн дуу хоолойг хамтын хүч чармайлтаар хүргэхэд хувь нэмрээ оруулах боломжийн талаар санал солилцов.
Элчин сайд Молоккоме Монгол Улс 2020-2021 онд Женев дэх ДГХБО-уудын бүлгийн зохицуулагчаар ажиллах хугацаандаа ихээхэн хүч чармайлт гаргаж, Дэлхийн худалдааны байгууллагын Сайд нарын 12 дугаар чуулганы төгсгөлийн баримт бичигт ДГХБО-уудын асуудлаар заалт тусгуулсан нь бүлгийн эрх ашгийг олон улсын тавцанд хамгаалахад чиглэсэн чухал амжилт болсныг тодотгов.
Талууд түүнчлэн ДГХБО-уудын худалдааны мэргэжилтнүүдийн олон талт хэлэлцээнд оролцох чадавхыг сайжруулах чиглэлээр Улаанбаатар дахь ДГХБО-уудын Олон улсын судалгааны төв болон НҮБ-ын Сургалт, судалгааны хүрээлэнтэй идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.