БУРХАН БАГШИЙН ДҮЙЧИН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ӨНДӨР ТҮВШНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Балба Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар Бурхан багшийн дүйчин өдрийг тохиолдуулан 2026 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Женев дэх НҮБ-ын байранд “Бурхан багш, Женевийн конвенциуд, дэлхийн энх тайван” сэдвээр өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа энэхүү хэлэлцүүлэгт оролцож, хэлсэн үгэндээ нинжин сэтгэл, билиг ухаанд суурилсан Бурхан багшийн сургаал нь Женевийн конвенциудын хүмүүнлэгийн зарчмуудтай нийцдэг төдийгүй дэлхийн энх тайван, шашин хоорондын эв нийцлийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэйг онцлон дурдав.
Мөн тэрээр Женевийн конвенциуд нь орчин цагийн хууль зүйн баримт бичиг боловч түүний ёс зүйн суурь нь энэрэл хайр, хүмүүний амь насыг хүндэтгэх шашны номлолоос эхтэйг тэмдэглэсэн.
Шри Ланка Улсад 1950 онд болсон Дэлхийн буддистуудын холбооны анхдугаар чуулганаар зуны тэргүүн сарын шинийн 15-ныг Бурхан багшийн дүйчин өдөр хэмээн албан ёсоор тогтоожээ.