БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА АЮУЛГҮЙ БАЙДАЛ СУДЛАЛЫН ЖЕНЕВ ДЭХ ТӨВ (GCSP)-Д ЗОЧЛОВ
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Аюулгүй байдал судлалын Женев дэх төв (GCSP)-ийн захирал Т.Гремингер-тэй 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр уулзав.
Уулзалтаар Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тус төвөөс зохион байгуулдаг судалгаа, сургалтууд нь өнөөгийн дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтуудыг тодорхойлж, энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, Монголын албан хаагчдыг тогтмол хамруулж ирсэнд талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын холбогдох судалгааны байгууллагуудтай холбоо тогтоон хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлахыг хүсэв.
Захирал Т.Гремингер 2017-2020 онд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа Монгол Улсад айлчилж байснаа дурдаж, Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх чиглэлээр санал солилцов.