ЭЛЧИН САЙД Д.ГЭРЭЛМАА ДЭЗЧУБ-ЫН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ К.ШВАБ-ТАЙ УУЛЗАВ
Элчин сайд Д.Гэрэлмаа жил бүр Швейцарын Давос хотноо зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллагын үүсгэн байгуулагч проф. К.Шваб-тай 10 дугаар сарын 12-нд уулзав.
Өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдаж ирсэн жил бүрийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засагт тулгамдаж буй сорилт бэрхшээл, цаашдын төлөв байдлыг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэж ирснийг Элчин сайд Д.Гэрэлмаа тэмдэглэж, ирэх оны 1 дүгээр сард болох ээлжит чуулга уулзалтын бэлтгэлийн талаар санал солилцохын зэрэгцээ цаашид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн стратегийг хэлэлцүүлэх зорилгоор Улаанбаатар хотноо хамтарсан арга хэмжээ зохион байгуулах санал тавив.
Проф. К.Шваб Монгол Улс ДЭЗЧУ-д тогтмол оролцож ирсэнд талархал илэрхийлж, цаашид урт хугацаанд үргэлжлүүлэн хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Тэрээр хамтарсан арга хэмжээ зохион байгуулах асуудлыг судлан үзэхээ амлаж, аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал буюу цахим хувьсгалын хүрээнд метаверсийн орчныг ашиглан шинэ залуу үеийнхний авьяас чадавхыг хөгжүүлэх замаар нэн шинэ хэлбэрийн бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж нээгдэж буй онцлон тэмдэглэв.