images

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД СУУХ БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.ГЭРЭЛМАА ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА БАРИВ

Мэдээ мэдээлэл

2022-07-07

195

Монгол Улсаас Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-д суух Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр тус байгууллагын Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-д итгэмжлэх захидлаа барив.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улс ДХБ-д 1997 онд гишүүнээр элсэн орсны 25 жилийн ой тохиож буйг онцолж, тэр үеэс эхлэн олон талт худалдааны тогтолцоог тууштай дэмжиж, гадаад худалдааны либерал бодлого баримтлан хэрэгжүүлж ирснийг тэмдэглээд Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала-гийн удирдлага дор өнгөрсөн 6 дугаар сард болсон ДХБ-ын Сайд нарын 12 дугаар Бага хурлаар ахицтай үр дүнд хүрсэнд баяр хүргэв.

Мөн тэрээр Монгол Улс өнгөрсөн хугацаанд ДХБ-д идэвхтэй ажиллаж ирснийг тэмдэглэж, цаашид тус байгууллагын хүрээнд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг урагшлуулах үйлсэд өөрийн хувь нэмрээ үргэлжлүүлэн оруулж, эдгээр орнуудын худалдааны өмнө тулгарч буй төрөл бүрийн саад бэрхшээлийг нарийвчлан судлах, ДХБ-ын хүрээнд батлагдсан олон талт худалдааны хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр тус байгууллагатай нягт хамтран ажиллахаа мэдэгдэв. Түүнчлэн ДХБ-аас Монгол Улсын үндэсний чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмэр, техникийн туслалцаанд талархал илэрхийллээ.

Ерөнхий захирал Н.Оконжо-Ивеала Монгол Улстай олон талт худалдааны тогтолцоог бэхжүүлж, хэлэлцээг урагшлуулах чиглэлээр хамтран ажиллан, дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотолж, Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаатай хамтран ажиллах болсондоо баяртай байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.