Швейцарын Холбооны Улсын Эйгл хотноо “FÊTE DES COULEURS-2022” наадам амжилттай болж өндөрлөв.
Швейцарын Холбооны Улсын Эйгл хотноо 2022 оны 7 дугаар сарын 1-2 өдрүүдэд “FÊTE DES COULEURS-2022” наадам амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр зохион байгуулдаг уг арга хэмжээнд Латин Америк, Баруун Африк зэрэг дэлхийн олон үндэстний уран бүтээлчид оролцож, өөрсдийн соёл урлагаа сурталчилан түгээн дэлгэрүүлдэг уламжлалтай.
Энэ удаагийн наадамд ШХУ-д амьдарч буй монгол уран бүтээлчид ардын бүжиг, богино болон уртын дуу, үндэсний хувцас, ардын хөгжмийн 10 гаруй үзүүлбэрээр оролцлоо. Наадмын үеэр манай уран бүтээлчид “Адуучин залуус”, “Гал шарын магтаал”, “Ум зандан ширээ”, “Үлэмжийн чанар”, “Оломгүй далай” зэрэг олон гайхалтай үзүүлбэрүүд толилуулсан нь наадмыг зорин ирсэн 500 гаруй үзэгчид, зочид төлөөлөгчдийн таашаалд ихэд нийцэв. Мөн эдгээр үзүүлбэрүүд монгол ахуй соёл, үндэстэн ястны амьдралын дэг жаяг, зан үйлийг илтгэн харуулсан нь ШХУ-д ардын уламлжлалт урлагийг сурталчлахад чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
“FÊTE DES COULEURS-2022” наадамд оролцсон Швейцар Улсын франц хэлтэй нутаг дахь монголчуудын нийгэмлэг (AMSR), Лозанн хотын Донж бүжгийн сургууль, Женев хотын Тэзо хамтлаг, MGL sushi болон бусад уран бүтээлчдэд ШХУ-д суугаа ЭСЯ/БТГ-ын зүгээс талархал илэрхийлье.