“ХИЛ ДАМНАСАН ЦААСГҮЙ ХУДАЛДАА" ГАРЫН АВЛАГЫН НЭЭЛТ БОЛОВ
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ), НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс болон НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисс хамтран “Хил дамнасан цаасгүй худалдаа” гарын авлагын нээлтийн ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Швейцарын Холбооны Улсын Женев хотноо зохион байгуулав.
Гадаад худалдааны зардлыг бууруулахад хил дамнасан цаасгүй худалдааны гүйцэтгэх үүрэг, эрх зүйн болон техникийн орчныг бий болгоход шаардлагатай олон улсын баримт бичгүүдийн талаар хэлэлцсэн тус арга хэмжээнд нийт 130 гаруй төлөөлөгч цахимаар оролцов. ДХБ-ын Ерөнхий захирлын орлогч Анабел Гонзалес арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ цаасгүй худалдаа нь олон улсын худалдааны өртгийн сүлжээг илүү уян хатан, үр ашигтай болгоход чухал нөлөөтэйг онцоллоо.
Арга хэмжээний үеэр болсон хэлэлцүүлэгт Монгол, Мексик, Филиппин зэрэг улсын төлөөлөгчид зочин илтгэгчээр оролцож, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос боловсруулсан хил дамнасан цаасгүй худалдааг нэвтрүүлэх бэлэн байдлын үнэлгээний ач холбогдол, цаасгүй худалдааг зохицуулахад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, харилцан туршлагаасаа хуваалцав.
Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг УИХ-ын чуулганы 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар соёрхон баталсан. Цаашид хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр экспорт, импортын баримт бичгийг цахимжуулах замаар худалдааны зардлыг бууруулах боломж бүрдэнэ.