images

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мэдээ мэдээлэл

2026-04-20

209

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Димитар Недялковтай 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр уулзав.

Уулзалтын үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа далайд гарцгүй улсын хувьд цахим шинэчлэл нь эдийн засгийн хөгжлийг хурдасгах чухал хүчин зүйл болохыг онцлон тэмдэглэж, төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар товч танилцуулав.

Түүнчлэн талууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх, дижитал шилжилтийг хурдасгах, инновацыг дэмжих, дижитал технологийг тогтвортой хөгжилд ашиглах чиглэлээр Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Монгол Улс, Бүгд Найрамдах Болгар Улстай 1950 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.