Швейцарын Холбооны Улсад амьдарч буй хүүхэд багачуудад зориулсан “Хүүхдийн өдөрлөг” арга хэмжээ Женев хотноо болов.
Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа ЭСЯ, Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэг, GM-Star клуб, Швейцар Монголын нийгэмлэг хамтран тус улсад амьдарч буй хүүхэд багачуудын дунд “Хүүхдийн өдөрлөг” арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав.
Өдөрлөгт 150 гаруй хүүхэд хүрэлцэн ирж шагайн харваа, уламжлалт зан заншлыг илтгэсэн зургийн таавар, шидэт хайрцаг зэрэг өртөөлчилсөн тоглоомуудаар тоглож, ардын хөгжмийн “Тэзо” хамтлагийн тоглолт, бий биелэгээний үзүүлбэр болон Женев дэх Монгол хүүхдийн нийгэмлэгийн сурагчдын мэндчилгээг үзэж сонирхов. Мөн өдөрлөгийн үеэр монгол уран бичлэгийн болон гар зургийн уралдаан явуулж, 3 насны ангилалд 9 хүүхэд шалгаруулан зохион байгуулагчдын зүгээс дурсгалын зүйлс гардуулав.
Энэ удаагийн “Хүүхдийн өдөрлөг” арга хэмжээний зорилго хүүхэд багачуудад монгол ардын зан заншил, тоглоом наадгай болон монгол хэл бичгийн онцлогийг танин мэдүүлэхэд оршсон бөгөөд өдөрлөгийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн нийт байгууллага, иргэддээ тус ЭСЯ/БТГ-аас талархал илэрхийлье.