images

“ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” (UPR) МЕХАНИЗМААС ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮДИЙН ТАЛААРХ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙР СУУРИЙГ НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 61 ДҮГЭЭР ЧУУЛГАНД ТАНИЛЦУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-03-20

9

Женев хотноо 2026 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулган 3 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сард “Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг” (UPR) механизмын Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын тухай үндэсний дөрөв дэх илтгэлийг хэлэлцсэн дүнг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлэв. Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа уг хуралдаанд Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгээс өгсөн зөвлөмжүүдийн талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурийг танилцууллаа.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа Монгол Улсын Засгийн газар “Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг” механизмыг харилцан ойлголцол, хүний ​​бүх эрхийг дэмжих, хамгаалах нийтлэг амлалт дээр суурилсан улс орнуудын хоорондын бүтээлч яриа хэлэлцээний гол тавцан гэж үздэгийг онцлоод яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, зөвлөмж өгсөн улс орнуудад  талархал илэрхийлэв. Тэрээр Монгол Улсын Засгийн газар гишүүн улс орнуудаас өгсөн 223 зөвлөмжийн 86 хувь буюу 192 зөвлөмжийг хүлээн авсныг чуулганд танилцуулж,  Засгийн газрын 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар тус зөвлөмжүүдийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг баталсныг мэдээлэв.

Манай улсын тайлантай холбогдуулан сонирхсон улс орнууд, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл үг хэлж, хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд гарсан ахиц дэвшил хийгээд хэлэлцүүлгээс өгсөн дийлэнх зөвлөмжийг хүлээж авсныг сайшаахын зэрэгцээ цаашид анхаарал хандуулах чиглэлийн талаар санал, зөвлөмжөө илэрхийлэв.

Хэлэлцүүлгийн эцэст Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулган Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын ээлжит дөрөв дэх илтгэлийг хэлэлцсэн дүнг нийтийн зөвшилцлөөр баталлаа.

***

Монгол Улс өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний дөрөв дэх илтгэлээ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн “Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлэг” (UPR) механизмын Ажлын хэсгийн 50 дугаар хуралдаанаар хэлэлцүүлсэн. Уг хэлэлцүүлгийн хүрээнд 72 улсын зүгээс хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлаар нийт 223 зөвлөмж өгсөн юм.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл болон холбогдох засгийн газрын агентлагуудын төлөөллөөс бүрдсэн өндөр түвшний төлөөлөгчид үндэсний дөрөв дэх илтгэлийг дээрх Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлж хамгаалсан билээ.