images

НҮБ-ЫН ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ ХАМГААЛУУЛАХ ЭРХИЙН АСУУДЛААРХ ТУСГАЙ ИЛТГЭГЧ МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАСАН ТАЙЛАНГАА НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЧУУЛГАНД ТАНИЛЦУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-03-13

44

НҮБ-ын Хүний хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Др. Ана Б.Нугререс 2025 оны 4 дүгээр сард Монгол Улсад айлчилж ажилласан тухай тайлангаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулганы 3 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд танилцуулав.

Тусгай илтгэгч айлчлалынх нь зорилго Монгол Улсад хүний хувийн нууц, хувийн мэдээллээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, мөн дотоодын зарим санал санаачилга, тухайлбал ХЭҮК-оос хэрэгжүүлсэн “Технологи ба хүний эрх” олон нийтийн хяналт шалгалтад дэмжлэг үзүүлэхэд чиглэснийг тэмдэглэж, хүний хувийн мэдээлэл, түүний аюулгүй байдал, нууцлалыг хангах, хамгаалах чиглэлээрх манай улсын хууль, эрх зүйн шинэчлэлийг сайшаахын зэрэгцээ цаашид анхаарвал зохих асуудлаар санал, зөвлөмжөө танилцууллаа.

Энэ хүрээнд тэрээр иргэд E-Mongolia цахим системээр дамжуулан дижитал үйлчилгээг тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, энэ үйл явцад мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, технологи ашиглан үйлдэж буй хүчирхийлэл, гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр аргачлал боловсруулах, цахим орчинд хүүхэд, өсвөр үеийнхнийг дарамтлах, дээрэлхэх, мөлжихтэй тэмцэх, түүний эрсдлийг бууруулах чиглэлээр бодлого, хууль, журмыг бэхжүүлэх, түүнчлэн мэдээллийн нууцлалыг хамгаалах асуудал эрхэлсэн бие даасан бүтэц байгуулах асуудлыг тухайлан хөндөв.

Тусгай илтгэгчийн тайлантай холбогдуулан Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа айлчлалыг хүлээн авсан улсын хувиар байр сууриа илэрхийлж, тайланд хөндсөн асуудал, зөвлөмжийг дотоодын эрх бүхий байгууллагууд сайтар судлан үзэж, анхаарч ажиллахыг эрмэлзэх болохыг тэмдэглэн, Монгол Улс хүний хувийн мэдээлэл, түүний аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох бүх тал, түүний дотор иргэний нийгэм, судалгаа шинжилгээний байгууллага, хувийн хэвшил хийгээд НҮБ-ын байгууллага, олон улсын болон бүс нутгийн түншүүд, Тусгай илтгэгчийн албатай үргэлжлүүлэн хамтарч ажиллахыг онцоллоо.