БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ХАННС-ЗАЙДЕЛИЙН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ
Байнгын төлөөлөгч, Элчин Сайд Д.Гэрэлмаа Ханнс-Зайделийн сангийн Солонгосын Хойг болон Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч ноён Феликс Гленктэй 2026 оны 3 дугаар сарын 5-ны өдөр уулзав.
Суурин төлөөлөгч Феликс Гленк Ханнс-Зайделийн сангийн шугамаар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ялангуяа хүний эрхэд суурилсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, шинээр батлагдах хууль тогтоомжийг хүний эрхийг хамгаалахад чиглэсэн байхаар боловсруулах, эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон багш нарын мэдлэгийг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байгаагаа тэмдэглэв. Тэрээр мөн цаашид Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн хэрэгжилтийг хангахад дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тус сангийн шугамаар хэрэгжүүлсэн болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд нь ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах чиглэлд хувь нэмрээ оруулж байгааг онцлон тэмдэглэв. Талууд цаашдын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.