images

НҮБ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 61 ДҮГЭЭР ЧУУЛГАН ЖЕНЕВ ХОТНОО БОЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2026-03-04

8

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 61 дүгээр чуулган 2026 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд Женев хотноо болж байна. Ээлжит чуулганаар хүний эрхийн өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэн, нийт 7 панел хэлэлцүүлэг зохион байгуулж, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, түүний алба (ХЭДКА) болон хүний эрхийн тусгай бүтэц, механизмтай 36 хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Чуулганы хүрээнд манай улсын төлөөлөгчид 3 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд НҮБ-ын Эрүү шүүлтийн асуудлаарх Тусгай илтгэгч Др. А.Ж.Эдвардс, Соёлын эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч А.Зантаки нартай хийсэн хэлэлцүүлэгт оролцож, холбогдох сэдвээр байр сууриа илэрхийлж үг хэлэв.

Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа НҮБ-ын Эрүү шүүлтийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй өрнүүлсэн хэлэлцүүлэгт Эрүү шүүлтээс ангид худалдааны төлөөх эвслийг төлөөлөн үг хэлэхдээ эрүү шүүлт болон хүнлэг, зүй бусаар харьцахыг олон улсын эрх зүйгээр хориглосныг тэмдэглэж, гэсэн хэдий ч эрүү шүүлт, цаазаар авах ялыг гүйцэтгэхэд ашиглагдаж болзошгүй тоног төхөөрөмж, хэрэгслийн худалдааг хянах дэлхийн хэмжээний зохицуулалт байхгүй хэвээр байгааг хөндөж, улс орнуудыг ийм хэрэгслийн хэрэглээ, худалдааг урьдчилан сэргийлэх, хориглох үр дүнтэй арга хэмжээ авах, Дэлхийн эвсэлд нэгдэхийг уриалав.

Манай төлөөлөгчид энэ долоо хоногт мөн НҮБ-ын Хоол хүнсээр хангагдах эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч болон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй тус тус хийх хэлэлцүүлэгт Засгийн газрын байр суурийг танилцуулж оролцоно. Чуулганы үйл ажиллагаа үргэлжилж байна.