images

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ЭНХ ТАЙВАН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛ ХЭРЭГТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАВ

Мэдээ мэдээлэл

2026-02-16

34

Монгол Улс энэ 2026 оны 1 дүгээр сарын 19-нөөс 2 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Зэвсэг хураах бага хурал (ЗХБХ)-ыг даргалж, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар ЗХБХ-ын гишүүдийн дунд харилцан ойлголцол, нийтийн зөвшилцөл бий болгоход хүч чармайлт гарган ажиллав.

ЗХБХ-ын гишүүн улс бүрт арван жил тутамд нэг удаа тохиох энэхүү үүрэг хариуцлагын энэ удаагийн онцлог нь ЗХБХ-ын эхний дарга улсад ногддог ЗХБХ-ын хэлэлцэх хэргийн жагсаалт, ажлын хөтөлбөрийн төслийг батлуулах, ажиглагч улсуудын хүсэлтийг шийдвэрлэхэд оршив.

Манай төлөөлөгчид ЗХБХ-ын энэ оны хэлэлцэх хэргийн жагсаалтыг батлуулж, ЗХБХ-ын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох 16 улсын хүсэлтийг шийдвэрлүүлэв. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар ЗХБХ-ын гишүүн улсуудын дунд бүгд хуралдаан зохион байгуулж, АНУ-ын Төрийн департаментын Зэвсгийн хяналт, олон улсын аюулгүй байдлын асуудал хариуцсан орлогч төрийн нарийн бичгийн дарга Томас ДиНанно уг хуралдаанд үг хэлж оролцсон нь ЗХБХ-ын ач холбогдлыг тодотгосон хэрэг болов.

Түүнчлэн сүүлийн 30 жилийн турш гишүүн улсуудын байр суурийн зөрүүтэй байдлаас улбаалж батлагдах боломжгүй байгаа ажлын хөтөлбөрийн төслийг батлуулах чиглэлээр идэвх чармайлт гаргаж, 20 гаруй хоёр талын уулзалт, арван удаагийн олон талт албан бус зөвлөлдөөн болон 8 удаагийн албан болон албан бус бүгд хуралдааныг зохион байгуулав. ЗХБХ-ын гишүүд хэдийгээр ажлын хөтөлбөрийн төслөөр нийтийн тохиролцоонд хүрч чадаагүй ч олон улсын геополитикийн орчин нөхцөл ихээхэн ээдрээтэй энэхүү цаг үед Монгол Улс өндөр хариуцлагатай, идэвх чармайлттай ажилласныг бусад улсын төлөөлөгчид талархан сайшаав.

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд ийнхүү ЗХБХ-ыг даргалах үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн бүх нийтийн үйл хэрэг, нэн ялангуяа цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсан бодит үйл хэрэг болов.