МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ШВЕЙЦАРТ ТОЛИЛУУЛЖ БУЙ “МОНГОЛ ОРОН: ХОЁР ЦАГ ХУГАЦАА” ҮЗЭСГЭЛЭНГЭЭР ЗОЧЛОВ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Давос хотноо энэ сарын 19-23-ны өдрүүдэд хуралдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ 1 дүгээр сарын 22-ны өдөр Цюрих хотын Риетбергийн музейд толилуулж буй “Монгол орон: Цаг хугацааны аялал” үзэсгэлэнгээр зочиллоо.
Eрөнхий сайд Г.Занданшатарыг Швейцарын Гадаад хэргийн яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Маркус Лейтнер, Риетбергийн музейн захирал Аннетте Багвати, дэд захирал Йоханнес Белц, Монголд элэгтэй швейцар иргэдийн төлөөлөл угтан авч хүндэтгэл үзүүлэв.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын Засгийн газар хоорондын соёлын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн нь хоёр мянган жилийн түүхэн өвийг дэлгэн үзүүлж, Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг олон улсын тавцанд таниулах, хэвшмэл ойлголтыг өөрчлөх, Чингис хааны болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэхэд чухал хувь нэмэр оруулах арга хэмжээ болж байгааг талууд энэ үеэр онцоллоо.
Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1–14 дүгээр зууны үеийн Евроазийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг онц сонирхолтой байдлаар дүрсэлсэн энэхүү үзэсгэлэнд нийт 162 дэсийн 235 үзмэр дэлгэгдэж, орчин үеийн урлагийг түүхэн өвтэй холбон үзүүлж байгаагаараа үзэгчдийн анхаарлыг татаж байгааг музейн захиргаанаас мэдээлэв.
1952 онд байгуулагдсан Риетберг музей нь Швейцарын хамгийн том урлагийн музей бөгөөд уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг.