images

НҮБ-ЫН ОУШХБ-ЫН ЗӨВЛӨЛИЙН 116 ДУГААР БАГА ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-12-10

30

Швейцарын Женев хотноо энэ оны 12 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд хуралдаж буй НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын Зөвлөлийн 116 дугаар бага хуралд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын энэ удаагийн бага хуралд 175 гишүүн улс, ажиглагч 8 улс, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн 500 гаруй төлөөлөгч оролцож, яриа хэлэлцээ өрнөж байна.

Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа бага хурлын эхний өдөр зохион байгуулагдсан “Сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааны сан - Хамтын ажиллагаанд уриалах нь” салбар хэлэлцүүлэгт илтгэгчээр оролцож, олон улсын шилжилт хөдөлгөөний бодлого, уялдаа холбоо, хүмүүнлэгийн тусламж, дэмжлэгт гишүүн орнуудын хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцоллоо. 

Бага хурлын хоёр дахь өдөр үргэлжилсэн Ерөнхий санал шүүмжлэлд манай төлөөлөгчид Монгол Улсын байр суурийг илэрхийлэн үг хэлэв. Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа хэлсэн үгэндээ, НҮБ-ын ОУШХБ-ын чиг үүрэг, манлайлал, улс орнуудад үзүүлж буй туслалцаа дэмжлэгт талархал илэрхийлэн, шилжилт хөдөлгөөний асуудлаар Монгол Улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, Монгол Улс, ОУШХБ-ын хамтын ажиллагааны ололт амжилт, хамтарсан төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэв. 

ОУШХБ-ын Ерөнхий захирал Эми Поуп Монгол Улсын Засгийн газраас тус байгууллагад үзүүлж ирсэн дэмжлэг, “Сөрөн тэсвэрлэх үйл ажиллагааны сан”-д сайн дурын хандив ирүүлсэнд гүн талархал илэрхийлж, Улаанбаатар дахь ОУШХБ-ын Суурин төлөөлөгчийн газрыг бэхжүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдэв. 

1951 онд байгуулагдсан НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад Монгол Улс 2008 онд гишүүнээр элссэн билээ.