images

МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ҮР ДҮН: ЦЮРИХИЙН РИТБЕРГ МУЗЕЙД “МОНГОЛ ОРОН: ЦАГ ХУГАЦААНЫ АЯЛАЛ” ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээ мэдээлэл

2025-12-08

9

Цюрих хотын Ритберг музейд Чингис хаан Үндэсний музей, Хархорум музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэн хамтран зохион байгуулсан “Монгол орон: Цаг хугацааны аялал” нэртэй үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сараас эхлэн олон нийтэд дэлгэгдэж, 2026 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хүртэл үргэлжилж байна.

Энэхүү үзэсгэлэн нь Монголын нүүдэлчдийн түүх, соёлын өвийг олон улсад сурталчлан таниулах, Чингис хаан болон Монголын эзэнт гүрний хүн төрөлхтний түүхэнд үзүүлсэн нөлөө, түүхэн үнэнийг ирээдүй хойч үед зөвөөр хүргэх зорилготой. Үзэсгэлэнд нийт 162 дэсийн 235 үзмэр дэлгэгдэж, Монголын талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөхийн зэрэгцээ орчин үеийн урлагийг түүхэн өвтэй холбон харуулж байна.

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрэн хүртэлх 1–14 зууны үеийн ЕвроАзийн соёл, техник, бараа бүтээгдэхүүний солилцоонд Монголчууд эртний соёлын бүс нутаг байсныг онцгой сонирхолтой байдлаар дүрслэн үзүүлж байгаа нь олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж байна.

Чингис хаан Үндэсний музейн куратор Л.Есөнтэй, үзмэрийн бүртгэл хариуцсан С.Буянжаргал нар үзмэрүүдийг Монголоос авчирч, Ритберг музейд хүлээлгэн өгч, танхимуудад дэглэлтийн ажлыг гүйцэтгэсэн.

2025 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Б.Ундрам үзэсгэлэнтэй танилцаж, Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах энэхүү хамтын ажиллагааны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.

1952 онд байгуулагдсан Ритберг музей нь Швейцарийн хамгийн том урлагийн музей бөгөөд уламжлалт болон орчин үеийн урлаг, соёлын өвийн арвин цуглуулгаараа алдартай. Тус музейд 23,000 орчим үзмэр, 37,000 угсаатны зүйн гэрэл зураг хадгалагдаж, жилдээ 80,000 орчим үзэгч зорин ирдэг бөгөөд Монголын түүх, соёлыг олон улсад сурталчлан таниулах энэхүү үзэсгэлэн үргэлжилж байна.